Suvdaa 2023 оны 02 сарын 21

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ БАЯРЫН МЭНД

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ БАЯРЫН МЭНД

#САР_ШИНИЙН_МЭНДЧИЛГЭЭ

Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн хамт олон бид улиран одож буй бар жилээ амжилт ололтоор дүүрэн үдэж байна.

Хийж хэрэгжүүлсэн ажлаас цөөнийг дурдвал:

- 2019 онд Хэнтий аймагтаа олон улсын ISO стандартыг хэрэгжүүлсэн анхны байгууллага болж байсан бол 2022 онд дахин гүйцэтгэлийн аудит орж ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартаа амжилттай хэрэгжүүлсэн 2 дахь удаагийн 3 жилийн хугацаатай “Баталгаажуулалтын гэрчилгээ”-гээ гардан авлаа.

- Туркийн “TIKA” олон улсын байгууллагын санхүүжилтээр 4 дадлагын газрыг иж бүрэн тоног төхөөрөмжөөр тохижууллаа.

- Тогтвортой хөгжлийг дэмжигч “Эко сургууль” олон улсын хөтөлбөрийн болзлыг дахин хангаж 2 дахь удаагаа “Алтан гэрэгэ, ногоон туг, гэрчилгээ”-гээ гардан авлаа.

- “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин” мэргэжлийн Сургалтын хөтөлбөрийг Боловсролын Магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүллээ.

- Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хэнтий аймаг 30 сая мод” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх “Ойжуулагчийн түр сургалт”-ыг зохион байгуулж нийт аймгийн хэмжээнд 40 хүнийг бэлтгэн Чадамжийн гэрчилгээг нь олголоо. Мөн сургуулийн хашаанд “Нэг ажилтан-Нэг жилд-Нэг мод” аяны хүрээнд 110ш модыг тарьж ургууллаа. Тус үйл ажиллагаа 2021 онд эхлэсэн ба 2030 он хүртэл үргэлжилж энэ хугацаанд 1 ажилтан 10 модыг тарьж ургуулсан байх юм.

- Герман улсаас 4, 5 дахь Зөвлөх мэргэжилтэнээ хүлээн авч 1, 2, 3 дугаар курсийн суралцагчдад Германы сургалтын технологийг нэвтрүүлж хамтран ажилласан.

- Аймгийн болон Хэрлэн сумын Засаг даргын Тамгийн газартай хамтран ажиллаж нийт 143 оюутныг “Намрын ажил” ургац хураалтад хамруулж ажиллууллаа. Ингэснээр Хэрлэн сумын ногоочид намрын ургац хураалтад ажиллах хүчний дутагдалгүй, ногоо хураалтаа цаг хугацаандаа зохион байгуулсан юм.

- Мөн Хэрлэн 1-р сургуулийн хичээлийн байр ашиглалтанд орох хүртэл хугацаанд буюу 09-р сараас 12-р сарын дунд хүртэл 3, 4-р ангийн 260 гаруй сурагчдыг 2 ээлжээр сургууль дээрээ хичээлүүлж, “Үдийн цай” хөтөлбөрийг нь амжилттай хэрэгжүүллээ.

- Монголын тогоочдын холбоо, Мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Зүүн бүсийн тогооч, зөөгч нарын ур чадварын уралдаан”-ыг сургууль дээрээ зохион байгуулж нийт 12 суралцагчыг амжилттай оролцууллаа.

- ХНХЯ-ны тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн сертификат олгох “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан” бэлтгэх 124 цагийн сургалтыг зохион байгуулж аймгийн хэмжээнд 32 хүнийг мэргэшүүллээ.

- УБ хотын Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, эмч, мэргэжилтнүүдтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт аймаг, сумдаас 23 хүн хамрагдаж дохионы хэлний анхан шатны мэдлэгтэй боллоо.

Ингээд Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий нутгийн зон олон та бүхэндээ болон нийт Монголчууддаа айлчлан ирж буй 17-р жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин ТУУЛАЙ жилийн сар шинийн мэндийг айлтган мэндчилж, сар шинэдээ сайхан шинэлж, хүн нэг бүр эрүүл энх, айл өрх бүр аз жаргалаар бялхаж, улс орон минь хөгжин дэвжихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ