ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧИД МЭДЛЭГ, УР ЧАДВАРААРАА БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖ “ТҮНШЛЭЛ-2023” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ
Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь жил бүр сургалтын бодлого, үйл ажиллагааг сурталчлах өдрийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд “ТҮНШЛЭЛ-2023” нэртэйгээр нээлттэй хаалганы өдрөө эхлүүллээ.
Өнөөдөр манай коллежтой хамтран ажилладаг 40 орчим Төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлага, төлөөллүүд хүрэлцэн ирж тогоочийн ангийн суралцагчдын бэлтгэсэн өглөөний цайтай халуун дулаан яриаг өрнүүлж, Политехник коллежийн захирал Б.Болд-Эрдэнэ, Нийгмийн түншлэл Ц.Ганчимэг, Аюулгүй ажиллагааны техникч, мэргэжлийн багш С.Золжаргал нартай коллежийн түншлэл, ХАБ, Сургуулийн үйл ажиллагаа зэрэг мэдээллүүдтэй танилцаж нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.
Нээлттэй хаалганы өдөрлөгөөр: Барилгын өрөг угсрагч, Барилгын сантехник, Барилгын засал чимэглэл, Барилгын мужаан, Ойжуулагч, Нарийн бичгийн дарга-албан хэргийн хөтлөлт, Гоо засалч, Цахилгаанчин, Бэлэг дурсгалын зүйл урлаач, Авто машины засварчин, Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, Хэвлэлийн график дизайн, Хүлэмжийн аж ахуй фермер, Гагнуур, Бетон арматур, Авто машины засварчин, Хангамжийн нярав зэрэг ангиудаар мэргэжлийн болон техникийн боловсрол олгож байгаа талаарх бүх төрлийн үзэсгэлэн, үзүүлбэрийг бэлтгэн ирсэн зочид, сурагчид, багш нарт танилцуулж ур чадвараа харууллаа.
Манай сургууль нь Монгол улсын Хөдөлмөрийн зах зээлд 11000 гаруй мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргаж, тусгай зөвшөөрлийн хүрээнд мэргэжлийн боловсролын 1 жилийн болон 2,5 жилийн 31 мэргэжлээр сургалт, мэргэжлийн боловсрол олгож байгаа бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд 24 мэргэжлийн 458 суралцагч суралцаж байна.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Хэнтий аймгийн Засаг даргын үйл ажиллагааны зардлаас 22 сая төгрөгөөр манай Б.Батсайхан багштай Гагнуур, Э.Оргил багштай Мужаан, Д.Батхуяг, Б.Одгэрэл багштай Барилгын засал чимэглэлийн ангийн суралцагчид 75 ширхэг сурагчийн ширээ сандлыг сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тухайгаа онцлон зочдод танилцууллаа. Мөн Политехник коллеж нь дэргэдээ бүжгийн клубтэй болсон ба “ХУЛАНГОО” клубийн багш Баттулгын Хулангоо багшаар ажиллаж “Хатан-Эрдэнэ” нэртэй бүжгийн хамтлагийг хөгжүүлж хамгийн анхны бүжгээрээ зочдод бэлэг барилаа. Эдгээр өдрүүдэд суралцагчид өөрсдийн сурч эзэмшсэн мэдлэг ур чадвараа үзүүлэхээр бүтээлийн үзэсгэлэн болон мэргэжлийн үзүүлбэрүүдийг бэлтгэн дэлгэн үзүүлж байна.
Үйл ажиллагаа 11,12-нд Политехник коллежийн байранд явагдаж байгаа бөгөөд Төрийн болон ТББ, ЕБС-ын 9,12-р ангийн суралцагчид, багш нар, эцэг эхчүүд урилгаар оролцож байгаа юм. Мөн бид өөрсдийн сургуулийн танилцуулга бүхий сэтгүүл, гар урлалын ангийн багш суралцагчдын бүтээсэн гарын бэлгийг гардуулан өгч байгаадаа сэтгэл хангалуун байна.
Манай сургуульд сурагчдаа, хүүхдүүдээ суралцуулах хүсэлтэй байгаа багш, асран хамгаалагч, эцэг эхчүүдэд энэ талаарх мэдээллийг өгч хамтран ажиллаж газар дээр нь сонирхсон ангидаа суралцах эрхийн бичиг гардуулж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх ирээдүйн үйлсэд хөрөнгө оруулалт хийсээр байна.
Өгөөж баян ургацын талбайн эздийг
Өндөр сүрлэг уран барилга бүтээгчдийг
Автомашины жолооч, техникчийг
Амьдралд бэлддэг гавъяатай сургууль
Уран шаглаат үйлчид
Уран сэтгэмжит урлаачид
Өглөгийн дээд тогоочид
Данс хөтлөгч няравууд
Нягт нямбай нарийн бичигүүд
Үсчин гоо сайханч гээд
Хэн бүхэнд хүрч үйлчлэх
Хэрэгцээт мэргэжилтнийг бэлтгэдэг бахархалт сайхан сургуулиа бахдан магтъя.
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД ТАВТАЙ МОРИЛ.


.jpg)








