ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН “БҮЖИН” КЛУБ 40 ЖИЛИЙН ДАРАА ДАХИН НЭЭГДЛЭЭ
Хэнтий аймаг 2023 оныг Хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарласан, мөн "Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3. Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэх заалтуудыг үндэслэн Хэнтий аймаг дахь Политехник коллеж нь “Бүжин” өдөр өнжүүлэх клубыг ажиллуулж эхэллээ.
Тэртээ 1984-1985 онд ТМС-ийн багш ажилчдын хүүхдүүдийг урлаг биеийн тамираар хичээллүүлье, багш ажилчдын дунд “Гүйгчдийн клуб” байгуулъя гэсэн санаачлагыг багш П.Аюуш гаргаж захирал асан Б.Амаржаргал хүлээн авч 40 жилийн тэртээ “Бүжин клуб” байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үедээ өглөө бүр 06 цагт бүрээ татаж, хүүхдүүд эртлэн босож салаан даргадаа бүртгүүлдэг байсан байна. Зураг, бүжиг, Уран нугаралт, Уран уншилт, Спортын төрөл, Хөгжим, Дуу гээд бүхий л төрлөөр хүүхдүүдээ хөгжүүлж байсан бахархам сайхан түүхийг үргэлжлүүлж байгаа юм.
Тэгвэл тус клубын нээлтийн ажиллагаа өнөөдөр болж хүүхдүүдээ баяртайгаар угтан авч байна. Нээлтийн үйл ажиллагаанд:
- АЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Өнөрцэцэг
- ГБХЗХГ-ын дарга Х.Уртнасан
- Хэнтий аймгийн ҮЭХ-ны дарга, ПК-ийн зөвлөх багш бөгөөд Ахмадын зөвлөлийн дарга Д.Оюун
- Лаборатори Хэрлэн 1-р сургуулийн багш н.Отгон /Бүжин клубын ууган шавь нарын төлөөлөл/ нар оролцлоо.
Нээлтийн үеэр Хэнтий аймаг дахь Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болд-Эрдэнэ хэлэхдээ: Энэхүү клуб нь дан ганц тоглож наадхаас илүүтэйгээр хүүхдийг бүхий л талаар нь хөгжүүлэх, цаашид манай сургууль дээр цэцэрлэгийн туслах багш бэлтгэх анги нээхэд ихээхэн ач холбогдол бүхий томоохон суурь бааз бий болж байгаа гэдгийг онцлон хэллээ.
Ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх замаар клубын хүүхдүүд гэрийн даалгавараа хийх, ерөнхий эрдмийн хичээлүүдээс сонгон судлах, урлаг гоо зүйн мэдрэмж авах, танин мэдэхүйн ертөнцөөр аялах, спорт, дасгал хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм мэдлэгт иргэнийг төлөвшүүлэх зорилгоор тусгай сургалтын хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.
Энэхүү өрөөг тохижуулахад багш ажилчдын 1 өдрийн цалинг түшиглэн бүтээсэн бөгөөд клуб нь хичээл хийх, чөлөөт цагаа өнгөрүүлэх зориулалт бүхий 2 өрөөтэй, мөн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном, товхимол, төрөл бүрийн сэтгэхүйн тоглоом, наадгайгаар баяжуулсан тохилог, гэгээлэг, аюулгүй орчинтой.
Ийнхүү тус өрөөг тохижуулахад гар бие, сэтгэл зүтгэл гарган ажилласан нийт багш, ажилтнууд болон “АЛТАН ҮСЭГ” хэвлэлийн компанийн М.Болортуяа таньд сургуулийн захиргааны зүгээс талархал илэрхийлж байна.
Орчлон ертөнцийг цэцэг чимдэг бол
Хүний ертөнцийг хүүхэд чимдэг
Хүүхэд бүхэн жаргалтай байх болтугай







