Хэнтий аймаг дахь Политехник коллеж дээр боловсролын байгууллагын чанарын баталгаажуулалт, үйл ажиллагаанд үнэлгээ хийх зорилгоор Магадлан итгэмжлэх зөвлөлийн томилогдсон ажлын хэсэг 2026 оны 03-р сарын 16-18-ны өдрүүдэд ажилласан.
Тус ажлын хэсэг нь сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын чанар, багшлах боловсон хүчний чадавх, сургалтын орчин, материаллаг бааз, оюутан суралцагчдад үзүүлж буй үйлчилгээ зэрэг олон чиглэлээр холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийж ажиллав.
Мөн баримт бичгийн судалгаа хийх, сургалтын орчин нөхцөлтэй газар дээр нь танилцах, багш ажилтан, төгсөгчид, ажил олгогч, суралцагчидтай уулзалт, ярилцлага зохион байгуулах зэрэг ажлууд үе шаттайгаар явагдсан. 2026 оны 04-р сарын 14-нд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл хуралдаж Хэнтий аймаг дахь Политехник коллежийг 5-н жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэв.
Энэхүү үйл ажиллагаа нь коллежийн үйл ажиллагааг бодитой үнэлэх, сургалтын чанарыг сайжруулах, боловсролын үйлчилгээний стандарт шаардлагад нийцүүлэн цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Магадлангийн ажлын хэсэгт хичээл зүтгэл гарган ажилсан багш ажилчдадаа баяр хүргэе.